Засгийн газрын 2016 оны 153 дугаар
тогтоолын хавсралт
СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ
ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сум хөгжүүлэх сан (цаашид “сан” гэх)-гийн хөрөнгийг бүрдүүлэх,
зарцуулах, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар
зохицуулна.
1.2. Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл
ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл
олгоход зориулан зарцуулна.
1.3. Сангийн орлого, зарлагыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан
гүйцэтгэх бөгөөд сан Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглоно.
1.4. Энэ журмын 1.3-т заасан дансанд сангийн хөрөнгөөс бусад хөрөнгө байршуулахыг
хориглоно.
1.5. Сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг тухайн сумын төсвийн
гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайланд тусгана.
1.6. Сангаас иргэн, хуулийн этгээдэд олгох хөнгөлөлттэй зээл дараах
нөхцөлтэй байна:
1.6.1. зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь байна (энэ нь өмнөх жилүүдэд
байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүгийн хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй);
1.6.2. зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна.
1.7. Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд
төлөөгүй зээлийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлнө.
Алдангийн хэмжээг сумын Засаг дарга болон зээлдэгчтэй байгуулах Зээлийн гэрээнд
тодорхой тусгана.
1.8. Сангаас олгох зээлийн хүүгийн тухайн жилийн орлогын 30 хувийг
зээлдэгчдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хувийг сангийн
хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаанд
зориулан зарцуулна.
1.9. Сангийн хөрөнгийг энэ журмын 1.5, 1.8-д зааснаас бусад зориулалтаар
зарцуулахыг хориглоно.
1.10. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалттай
холбогдуулан иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр шимтгэл, хураамж, төлбөр
авахыг хориглоно.
1.11. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтын товыг
сангийн хөрөнгийн эх үүсвэрийн 20-иос доошгүй хувь бүрдсэн тохиолдолд тухайн
сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр
2.1. Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1. улсын төсвөөс олгох сангийн эргэлтийн хөрөнгө;
2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын иргэн,
хуулийн этгээдийн хандив, тусламж;
2.1.3. сангаас олгосон зээлийн хүүгийн орлого;
2.1.4. хугацаандаа төлөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги.
2.2. Аймаг, сумын төсвийн хөрөнгө болон төрийн өмчийн оролцоотой хуулийн
этгээдийн төрийн өмчид ногдох хэсгийн хөрөнгөөс санд хандив өгөхийг хориглоно.
2.3. Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд
үйлдвэрлэл хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн
төлөлт, ашиглалт, хэрэгцээ, шаардлага, орон нутгийн идэвх, санаачилга зэргийг
харгалзан төсвийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн хамтран тогтооно.
Гурав. Сангийн удирдлага,
зохион байгуулалт
3.1. Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион
байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төрийн захиргааны төв байгууллага
нь дараах бүрэн эрхтэй:
3.1.1. жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд
үйлдвэрийг хөгжүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, сангийн
хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа, холбоог хангаж ажиллах;
3.1.2. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд зохион
байгуулах төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг “Төрөөс аж үйлдвэрийн талаар
баримтлах бодлого”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
дунд хугацааны стратеги” болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй
уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
3.1.3. сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, тайлан, мэдээ
гаргах маягтыг батлах;
3.1.4. сангаас олгосон зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлж,
холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд оруулах;
3.1.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.2. Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион
байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга (Засаг даргын
Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж) хэрэгжүүлэх бөгөөд
Засаг дарга нь дараах бүрэн эрхтэй:
3.2.1. “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс аж
үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” болон
“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”-тэй уялдуулан харьяалах нутаг
дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тогтоож,
хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
3.2.2. аймгийн хэмжээнд сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж,
гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;
3.2.3. аймгийн хэмжээнд сангаас олгосон зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх,
тайлан, мэдээг хянан баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх;
3.2.4. харьяалах нутаг дэвсгэртээ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор
жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай
хамтран сургалт зохион байгуулах;
3.2.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.3. Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.1. сангийн төсвийг баталж, сангаас тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн
дээд хэмжээг тогтоох;
3.3.2. сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт
тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр ахлуулан, Засаг даргын Тамгын газрын Төрийн
сангийн мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баг тус бүрээс нэг
иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;
3.3.3. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг
бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг
даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн,
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний
төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах;
3.3.4. сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын
гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;
3.3.5. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.4. Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил
үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй бөгөөд дараах шаардлагыг хангасан
байна:
3.4.1. зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллах багийн төлөөллийг тухайн багийн
иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэн сонгосон байх;
3.4.2. тухайн нэг зөвлөлийн гишүүнийг нөгөө зөвлөлийн гишүүнээр давхар
ажиллуулахгүй байх;
3.4.3. хууль тогтоомжид заасан бусад шаардлага.
3.5. Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг
хэрэгжүүлнэ:
3.5.1. төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын иргэдийн оролцоог
хангах ажлыг зохион байгуулах;
3.5.2. энэ журамд заасны дагуу зээл олгох шийдвэр гаргах;
3.5.3. энэ журмын 3.5.2-т заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн
этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг
хангуулах, явц, үр дүнд байнгын хяналт тавьж ажиллах;
3.5.4. энэ журмын 3.5.3-т заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ
байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн
зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх;
3.5.5. зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;
3.5.6. сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох
бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл
ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
3.5.7. сангаас олгосон зээлийн хүүгийн тухайн жилийн орлогыг зарцуулах
саналыг энэ журмын 1.8-д заасны дагуу боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй
хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
3.5.8. сангийн үйл ажиллагааны үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
өмнө хариуцах;
3.5.9. сумын иргэн, хуулийн этгээдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх болон
бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа
аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан
нэгжид хүргүүлэх, иргэдийн дунд сургалт зохион байгуулж, оролцоог хангаж
ажиллах.
Дөрөв. Сангийн хөрөнгөөр
санхүүжүүлэх төслийн санал
хүлээн авах, сонгон шалгаруулах журам
4.1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр
хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т
заасан зөвлөлд хүргүүлнэ.
4.2. Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн,
хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1. тухайн суманд бүртгэлтэй буюу байнга оршин сууж үйл ажиллагаа
явуулдаг байх;
4.2.2. сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хугацаа
хэтэрсэн зээлийн өргүй байх;
4.2.3. зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх
төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
4.2.4. жижиг, дунд үйлдвэр эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх
(түүнийг нь нотлох баримт бичиг шаардлагатай).
4.3. Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээдийн боловсруулсан төсөл
дараах шалгуурыг хангасан байна:
4.3.1. тухайн суманд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд орон
нутгийн давуу талд түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт
тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
4.3.2. төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
4.3.3. гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
4.3.4. төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
4.3.5. төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой
тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
4.3.6. ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх.
4.4. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн
төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд
зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг
гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн
шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг
даргад хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон
тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ.
4.5. Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн
дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана.
4.6. Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн
болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор
зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дансанд
шилжүүлнэ.
4.7. Иргэн, хуулийн этгээд авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд
сангийн дансанд буцаан төлнө.
4.8. Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар
нь баримтжуулан хадгална:
4.8.1. зээлдэгчийн анкет;
4.8.2. зээл олгохыг хүссэн өргөдөл;
4.8.3. оршин суугаа газрын тодорхойлолт;
4.8.4. төслийн баримт бичиг;
4.8.5. энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл;
4.8.6. зээлийн болон барьцааны гэрээ;
4.8.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан
эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах;
4.8.8. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
4.8.9. энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг
баталгаажуулсан баримт бичиг.
4.9. Сумын Засаг дарга энэ журмын 4.9-д зааснаас гадна төслийн хэрэгжилтийн
явц, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгална.
Тав. Сангийн үйл ажиллагааг
тайлагнах,
хяналт тавих
5.1. Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн
зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад тухайн сумын иргэд хяналт
тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн
хяналт шалгалт хийлгэж болно.
5.2. Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил,
дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана.
5.3. Энэ журмын 3.3.2-т заасан зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн
ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
5.3.1. зээл авсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгийн
тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайланг
гаргуулан авах;
5.3.2. сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн
сумын нийт иргэдэд мэдээлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар
хэлэлцүүлэх;
5.3.3. аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал
хариуцсан нэгжийн хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт
шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд
үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр
хүргүүлэх.
5.4. Сумдын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг улирал
болон жилээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн
дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн
аймгийн Засаг даргад хүргүүлнэ.
5.5. Аймгийн Засаг дарга энэ журмын 5.4-т заасан сангийн орлого, зарлагын
гүйцэтгэлийн улирлын болон жилийн тайланг нэгтгэн, улирлын тайланг дараа
улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын
10-ны өдрийн дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагад хүргүүлнэ.
5.6. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ журмын 5.5-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 5.8-д заасан
аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Засгийн газарт
танилцуулна.
5.7. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал
хариуцсан нэгж сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр
хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.
5.8. Аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал
хариуцсан нэгж энэ журмын 5.7-д заасан аудитын дүгнэлтийг аймгийн хэмжээнд
нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагад тухайн жилийн 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
Зургаа. Хариуцлага
6.1. Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу
зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд сангаас дахин зээл олгохгүй.
6.2. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд
заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын
дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар
тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд
хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.3. Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага
хүлээлгэх бөгөөд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм
буруутай этгээд хариуцан барагдуулна.
---o0o---